Мэдээ, мэдээлэл

2018 оныг "Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил" болгон зарлав

2019 оны 04 сарын 08

Эрчим хүчний сайдын зөвлөл 2018 оны анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжав болон Эрчим хүчний яамны асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. 

Энэ удаагийн хуралдаанаар Улаанбаатар хотын эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу "ДЦС V” төслийн цаашдын төлөв, Эрчим хүчний яамнаас олгож байгаа тусгай зөвшөөрлийн эрхзүйн орчин, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр хийгдсэн ажлын тайлан болон цаашид хийгдэх ажлын төлөвлөгөө, 2017 онд төрийн байгууллагад гаргасан иргэдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаархи дүн мэдээлэл зэрэг асуудлыг тус тус хэлэлцлээ. 

 2018 оныг “ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ, ҮР АШГИЙН ЖИЛ” болгон зарлав

Улаанбаатар хотын зүүн бүсийг цахилгаан дулаанаар хангах зорилготой "ДЦС V” төслийн ажил 2011 онд эхэлсэн. Өндөр өртөгтэй дээрх станцын төслийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, шаардлагагүй хэмээн Сайдын зөвлөлийн гишүүд үзлээ. Тус станцыг ашиглалтад оруулахад ус, нүүрс, төмөр замын асуудлыг шийдэхэд хүндрэлтэй юм. Харин өргөтгөл нь хийгдэхээр засгийн газрын шийдвэр гарсан "ДЦС III”, "ДЦС IV” ТӨХК-иуд болон "Амгалан” дулааны цахилгаан станц зэргийн хүчин чадлыг ашиглах боломжтой гэлээ. 

 2018 оныг “ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ, ҮР АШГИЙН ЖИЛ” болгон зарлав

Хуралдааны үеэр 2018 оныг "Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарлахыг Сайдын зөвлөлийн гишүүд зарчмын хувьд дэмжиж, санал нэгтэй баталлаа. Жилээс жилд өргөжин тэлж байгаа нийслэл хотын дулааны асуудлыг шийдвэрлэхийн тулд төр болон иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд хэмнэлтийн цогц ажлыг хийх нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ дулаан алдагдлын хэмжээг газар дээр нь тогтоон шийдвэрлэх үр дүнтэй ажлыг зохион байгуулах, дулаан алдагдлын хэмжээг төлөөлүүлж тэмдэгт тавьдаг байх, барилгын салбартай хамтран барилга байгууламжийн дулаан алдагдлыг эхнээс нь цогц хэлбэрээр шийдэж байх зэрэг саналыг Сайдын зөвлөлийн гишүүд гаргасан юм.