Зөвлөмж

“Эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга” гэж ямар объект, байгууламжийг ойлгох вэ?

2018 оны 09 сарын 19

Хариулт: Барилгын салбар дэлхийн нийт Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 10 хувь, хүлэмжийн хийн ялгаруулалтын 23 хувийг эзэлдэг ба материалын урсгалын 30-40 хувь нь энэ салбарт ногддог гэсэн судалгаа байдаг. Иймд, ногоон барилгын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь барилга, байгууламжийн байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, эрчим хүч, нөөц баялгийг илүү үр ашигтай зарцуулах боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг. Ногоон барилга нь барилга барьж эхлэх, түүний ашиглалтанд байх бүхий л хугацааг хамарсан ойлголт бөгөөд хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх, түлш, эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашигласан байх, барилгын ажлын төлөвлөлт, архитекторын шийдэл хийхээс эхлээд барилгыг барих үйл явц, ашиглаж буй барилгын материал, барилгын дотоод, гадаад орчин зэргийг бүхэлд нь цогцоор нь авч үздэг. Ногоон барилга нь эдийн засаг, нийгэм, байгаль орчны үнэ цэнийг нэгтгэдгээрээ онцлогтой. Энэхүү нөхцөл, зорилго нь барилгын инженер, архитекторч, зураг төслийн баг, тухайн барилгын төслийн хүрээнд хамтран ажиллах болон хамааралтай талууд нягт хамтран ажиллах шаардлагатай болохыг илтгэн харуулна. Бидний амьдарч, ажиллах барилга байгууламж эдийн засгийн буюу нөөцийн хувьд үр ашигтай, хэмнэлттэй байх, ашиглах хугацаа харьцангуй урт, тав тухыг хангасан байх нөхцлийг ногоон барилгын үзэл баримтлал чухалчилдаг. Хэдийгээр орчин үеийн шинэ техник, технологи маш олон боломж бололцоо бий болгож буй ч ногоон барилгын үзэл баримлалд голчлон авч үздэг – аливаа барилга байгууламж хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх зарчмын хүрээнд дараах харгалзан үздэг шалгуур нөхцлүүд хэвээр хадгалагдаж ирсэн. Үүнд:

 Эрчим хүч, ус, бусад байгалийн нөөц баялгийг үр ашигтай ашиглах

 Оршин суугчид, ажиллагчдын эрүүл мэндийг хамгаалах, тав тухыг хангаж, бүтээмжийг нэмэгдүүлэх

 Хог хаягдал, орчны бохирдол, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг багтана. Ногоон барилга нь барилга барих, түүнтэй холбоотой арга барил, техник, ур чадварыг өөртөө багтаасан байдаг тул эрчим хүчний хэрэглээн дэх сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, эрчим хүч, ус хэмнэх, дулааны алдагдлыг бууруулах, хэмнэлтийн шийдэл бүхий технологи ашиглах, түүний дотор бороо, цасны ус болон саарал ус ашиглах шийдэлтэй байх, стандартаар тогтоосон ногоон байгууламжтай байх шаардлагыг хангасан байх, тээврийн хэрэгслийн зогсоолын хангалттай шийдэлтэй байх, ашигласан барилгын материал нь нэгд, хүний эрүүл мэнд, хоёрт, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, түүний зэрэгцээ уламжлалт хөнгөн бетон, асфальт хэрэглэхэээс илүүтэй ус нэвчих бетон эсхүл багцалсан хайрга ашигласан байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой байдаг.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.