Хууль, эрх зүй

Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам

2019 оны 04 сарын 08

Засгийн газрын 2016 оны 295 дугаар

                                                               тогтоолын3 дугаар хавсралт

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Эрчим хүчний аудитор (цаашид “аудитор” гэх) болон эрчим хүч хэмнэлтийн менежер (цаашид “менежер” гэх) бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2. Аудитор болон менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох үйл ажиллагаанд Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг мөрдөнө.

1.3. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл аудитор, менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр энэ журамд заасан шаардлагыг хангасан сургалтын байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлнэ.

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

2.1. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “сургалтын хөтөлбөр” гэж Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс баталсан аудитор, менежер бэлтгэх сургалтын агуулга, багц цаг зэргийг багтаасан баримт бичгийг;

2.1.2. “сургалтын байгууллага” гэж энэ журамд заасны дагуу гэрээний үндсэн дээр аудитор, менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулж байгаа хуулийн этгээдийг;

2.1.3. “сургагч багш” гэж эрчим хүч, барилгын чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс зохион байгуулсан сургалтад хамрагдсан, мэргэшсэн буюу зөвлөх инженер, эсхүл багшлах эрх бүхий иргэнийг;

2.1.4. “сургалт” гэж Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд сургалтын байгууллагаас явуулах аудитор, менежер бэлтгэх сургалтыг;

2.1.5. “шалгалтын комисс” гэж аудитор, менежерийн сургалтад суралцагчаас шалгалт авахаар Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс томилсон бүрэлдэхүүнийг;

2.1.6. “шалгалт” гэж аудитор, менежерийн эрх олгох шалгалтыг.

Гурав. Сургалтын байгууллагад тавих шаардлага

3.1. Аудитор, менежер бэлтгэх сургалт явуулах байгууллага дараах шаардлагыг хангасан байна:

3.1.1. сургалт явуулах танхим, техник, хэрэгсэлтэй байх;

3.1.2. сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай туршилтын тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэлтэй байх;

3.1.3. сургалтын хөтөлбөрийн хүрээнд холбогдох чиглэлээр мэргэшсэн сургагч багштай байх;

3.1.4. сургалтын хөтөлбөрийн хүрээнд суралцагчдыг сургах, дадлагажуулах төлөвлөгөөтэй байх.

3.2. Сургалт явуулахыг сонирхогч хуулийн этгээд аудитор, менежер бэлтгэх сургалт явуулах өргөдлөө Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд гаргана. Өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

3.2.1. байгууллагын улсын бүртгэлийн хуулбар;

3.2.2. сургагч багш нарын анкет болон тэдний мэргэжлийн чадавхийг илтгэх баримт бичгийн хуулбар;

3.2.3. сургалтад хамруулах суралцагчдын тоо, сургалтын төлөвлөгөө;

3.2.4. сургалтын дадлага хийх газрын танилцуулга;

3.2.5. сургалтын хөтөлбөрийн хүрээнд сургалт явуулах мэргэшлийн чиглэлийг тодорхойлсон танилцуулга.

3.3. Энэ журмын 3.2-т заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор өргөдөл гаргагчид буцаана.

3.4. Энэ журмын 3.3-т зааснаас бусад тохиолдолд сургалт явуулах талаар гэрээ байгуулах эсэх асуудлыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл өргөдөл хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.

3.5. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл сургалт явуулах гэрээг хуулийн этгээдтэй        1 жилийн хугацаагаар байгуулах бөгөөд гэрээг 2 жилийн хугацаагаар сунгаж болно.
3.6. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл гэрээ байгуулсан сургалтын байгууллагын талаар цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлнэ.

Дөрөв. Суралцагчид тавих шаардлага

4.1. Аудитор, менежер бэлтгэх сургалтад хамрагдах суралцагч дараах шаардлагыг хангасан байна:

4.1.1. эрчим хүч, барилгын чиглэлээр инженер, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

4.1.2. менежер бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдах суралцагч мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;

4.1.3. аудитор бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдах суралцагч мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан байх.

4.2. Энэ журмын 4.1-д заасан шаардлагыг хангасан суралцагч өргөдлөө сургалтын байгууллагад зарласан хугацаанд багтаан гаргана. Өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

4.2.1. иргэний үнэмлэхийн хуулбар;

4.2.2. нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

4.2.3. цээж зураг 3 хувь (3.5х4.5 хэмжээтэй);

4.2.4. ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байгаа бол);

4.2.5. дээд боловсролын дипломын хуулбар;

4.2.6. мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээний хуулбар.

Тав. Аудитор, менежер бэлтгэх, мэргэшүүлэх сургалт

5.1. Сургалтын байгууллага Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс баталсан  сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт явуулна.

5.2. Аудитор, менежер бэлтгэх сургалт дараах чиглэлтэй байна:

5.2.1. эрчим хүчний аудитор-үйлдвэрлэл, үйлчилгээ (цахилгаан, дулаан, хий);

5.2.2. эрчим хүчний аудитор-барилга;

5.2.3. эрчим хүч хэмнэлтийн менежер.

5.3. Сургалтын байгууллага сургалт явуулах зарыг сургалт эхлэхээс 1 сараас доошгүй хугацааны өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан нийтэд хүргэнэ.

5.4. Энэ журмын 4.1-д заасан шаардлагыг хангасан бөгөөд мөн энэ журмын 4.2-т заасан баримт бичгийг бүрдүүлсэн өргөдөл гаргагчийг сургалтын байгууллага бүртгэж, сургалтад хамруулна.

5.5. Сургалтын байгууллага сургалтын тайланг суралцагчийн өргөдөлд хавсаргасан баримт бичиг, аудитор, менежерийн эрх олгох шалгалтад хамруулах хүсэлтийн хамт сургалт дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлнэ.

5.6. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл сургалт дууссанаас хойш ажлын 7 хоногт багтаан аудитор, менежерийн эрх олгох шалгалтыг зохион байгуулах бөгөөд шалгалтын хуваарийг өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

5.7. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл сургалтын байгууллагын явуулж байгаа сургалтын чанарыг суралцагчид буюу ажил олгогчдын дунд санал асуулга явуулах, суралцагчдын шалгалтад үзүүлсэн үр дүнг харгалзах болон бусад дэвшилтэт арга хэрэгслийг ашиглан дүгнэнэ.

Зургаа. Аудитор, менежерийн эрх олгох

шалгалтын үйл ажиллагаа

6.1. Аудитор, менежерийн эрх олгох шалгалтыг шалгалтын комисс авна.

6.2. Шалгалт 2 үе шаттай явагдана:

6.2.1. нэгдүгээр шат: Сургалтын хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэргэжлийн мэдлэг шалгах тест;

6.2.2. хоёрдугаар шат: Дадлагын ажлын тайлан болон сургалтын хөтөлбөрийн хүрээнд эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр хийсэн бичил төсөл.

6.3. Суралцагч мэргэжлийн шалгалт буюу нэгдүгээр шатны шалгалтад нийт онооны 80 болон түүнээс дээш хувийг авбал тэнцсэнд тооцож, хоёрдугаар шатны шалгалтад орох эрхтэй болно.

6.4. Дадлагын ажлын тайланд 70 болон түүнээс дээш оноо авбал шалгалтад тэнцсэнд тооцно.

6.5. Аудитор, менежерийн эрх олгох шалгалтын дүнг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

6.6. Шалгалтад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас орж чадаагүй тохиолдолд дараагийн шалгалтад орох эрхтэй.

6.7. Шалгалтад тэнцээгүй тохиолдолд дахин 1 удаа шалгалт өгч болно.

6.8. Бичгээр гаргасан хүсэлтийн дагуу шалгалтын үнэлгээтэй холбоотой асуудлаар Шалгалтын комисс тодруулга өгч болно.

Долоо. Аудитор, менежерийн гэрчилгээ

7.1. Аудиторын эрх олгох шалгалтад тэнцсэн иргэнд Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гэрчилгээ олгоно. Гэрчилгээний хугацаа 2 жил байх бөгөөд цаашид  5 жилийн хугацаагаар сунгана.

7.2. Менежерийн эрх олгох шалгалтад тэнцсэн иргэнд Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гэрчилгээ хугацаагүй олгоно.

7.3. Гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана:

7.3.1. гэрчилгээ олгосон байгууллагын нэр;

7.3.2. гэрчилгээг эзэмшигчийн овог, эцэг, эхийн болон өөрийн нэр;

7.3.3. аудиторын үйл ажиллагааны чиглэл;

7.3.4. энэ журмын 7.1-д заасан тохиолдолд гэрчилгээний хүчинтэй хугацаа;

7.3.5. гэрчилгээний бүртгэлийн дугаар болон олгосон он, сар, өдөр;

7.3.6. гэрчилгээ олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга.

7.4. Аудиторт гэрчилгээний хамт үнэмлэх олгоно.

7.5. Аудитор зөвхөн аудитын үйл ажиллагаанд ашиглах дардастай байна. Дардасны загварыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл батална.

7.6. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл аудиторын дардасны загвар, баталгаат гарын үсгийн хэвийг бүртгэнэ.

7.7. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл эрх авсан аудитор, менежерийг мэдээллийн санд бүртгэж, цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлнэ.

7.8. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл аудиторын гэрчилгээний хугацааг сунгах эсэх асуудлыг сүүлийн 2 жилд хийсэн ажил, үйлчилгээний үр дүн болон давтан сургалтын шалгалтын дүнг харгалзан шийдвэрлэнэ.

7.9. Дараахь тохиолдолд аудиторын гэрчилгээг хүчингүй болгоно:

7.9.1. хууль тогтоомж, шударга ёсыг дээдлэх, хараат бус, ёс зүйтэй байх болон үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах зэрэг аудитын үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмыг зөрчсөн нь нотлогдсон;

7.9.2. мэргэжлийн ноцтой зөрчил, дутагдал гаргасныг эрх бүхий байгууллага тогтоосон.

Найм. Бусад

8.1. Сургалтын байгууллага Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийг гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.

8.2. Аудитор дардсаа зөвхөн өөрийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг баталгаажуулахад ашиглана.

8.3. Аудитор, менежерт гэрчилгээ олгох, хугацаа сунгах, хүчингүй болгохтой холбогдон үүссэн маргааныг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл шийдвэрлэнэ.

8.4. Энэ журмын 8.3-т заасан маргаан хянан шийдвэрлэх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл батална.

8.5. Энэхүү журмын 8.3-т заасны дагуу Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд гомдол гаргана.

 ---o0o---