Legal

Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам

08/19/2019

Засгийн газрын 2019 оны 181 дүгээр
  тогтоолын 4 дүгээр хавсралт

 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго үүрэг хүлээсэн хэрэглэгч, тэдгээрийн эрх үүргийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг тайлагнах, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэ журмын 1.1-д заасан үйл ажиллагаанд Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.

1.3. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх үйл ажиллагаанд ашиглах баримт бичгийн загвар, заавар, аргачлал, маягтыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл батална.

Хоёр. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг
         тодорхойлох, бүртгэх

2.1. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 3.1.8-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон босго хэмжээнээс давсан эрчим хүчний жилийн хэрэглээтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг тодорхойлж, үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэх, мэдэгдэх чиг үүргийг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл хэрэгжүүлнэ.

2.2. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг дараахь байдлаар ангилна:

2.2.1. барилга байгууламж өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага;

2.2.2. эрчим хүч хэрэглэгч;

2.2.3. эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага.

2.3. Энэ журмын 2.2.1-д заасан этгээд нь дараахь төрөлтэй байна:

2.3.1. төрийн болон орон нутгийн төсөвт байгууллага;

2.3.2. бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.

2.4. Энэ журмын 2.2.2-т заасан этгээд нь дараахь төрөлтэй байна:

 2.4.1. уул уурхайн (олборлолт, боловсруулалт) чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага;

2.4.2. бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага.

2.5. Энэ журмын 2.2.3-т заасан этгээд нь дараахь төрөлтэй байна:

2.5.1. эрчим хүч үйлдвэрлэгч;

2.5.2. эрчим хүч дамжуулагч;

2.5.3. эрчим хүч түгээгч.

2.6. Дараахь мэдээллийг үндэслэн үүрэг хүлээсэн хэрэглэгчийн жилийн эрчим хүчний хэрэглээг тодорхойлж бүртгэнэ:

2.6.1. эрчим хүч үйлдвэрлэгч компанийн эрчим хүчний эх үүсвэрийн дотоод хэрэгцээний эрчим хүч, дамжуулах, түгээх компанийн эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн алдагдлын талаар Эрчим хүчний зохицуулах хороонд ирүүлсэн албан ёсны тайлан, мэдээнд тусгасан хувь, хэмжээ;

2.6.2. энэ журмын 2.6.1-д зааснаас бусад хэрэглэгчийн хувьд Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн хүсэлтээр эрчим хүчээр хангагч байгууллагаас албан ёсоор ирүүлсэн эрчим хүчний хэрэглээний тоо, хэмжээ.

2.7. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг Засгийн газар 3 жил тутамд шинэчлэн тогтооно.

2.8. Үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэснийг тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс албан ёсоор мэдэгдэнэ.

2.9. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл дараахь үндэслэлээр үүрэг хүлээсэн хэрэглэгчийг бүртгэлээс хасна:

2.9.1. эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд эрчим хүчний жилийн хэрэглээ нь Засгийн газраас тогтоосон босго хэмжээнээс буурсан;

2.9.2. эрчим хүчээр хангагч байгууллагаас ирүүлсэн мэдээлэл буруу эсхүл, хэрэглээний бүтцэд өөрчлөлт орсон;

2.9.3. эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буулгасан, дампуурсан.

2.10. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг энэ журмын 2.9-д зааснаас бусад тохиолдолд үүрэг хүлээсэн хэрэглэгчийн бүртгэлээс хасахгүй.

Гурав. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрх, үүрэг

3.1. Үүрэг хүлээсэн хэрэглэгч дараахь үүрэгтэй:

3.1.1. эрчим хүч хэмнэлтийн чиг үүргийг хариуцан ажиллах Эрчим хүч хэмнэлтийн менежерийг мэдэгдэл авснаас хойш 3 сарын дотор томилон ажиллуулах;

3.1.2. эрчим хүчний хэрэглээ, энергийн урсгалыг (баланс) тодорхойлох зорилгоор хэмжүүржүүлэх;

3.1.3. бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эрчим хүчний хэрэглээний мэдээллийг холбогдох маягт, загварын дагуу гаргаж, 6 сарын дотор Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх;

3.1.4. эрчим хүч хэмнэлтийн менежерийг томилсон, чөлөөлсөн талаар Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэх;

3.1.5. эрчим хүч хэмнэлтийн менежерийг сургалтад хамруулах хүсэлтийг эрчим хүч хэмнэлтийн менежерийг томилсноос хойш 14 хоногийн дотор Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд ирүүлэх;

3.1.6. эрчим хүч хэмнэлтийн менежерийг ажиллах нөхцөл, бололцоогоор хангах;

3.1.7. эрчим хүчний анхан шатны аудитыг 18 сарын дотор, цаашид хэсэгчилсэн эсхүл, дэлгэрэнгүй аудит хийлгэх ба аудит хоорондын хугацаа 36 сараас хэтрэхгүй байх;

3.1.8. энэ журмын 2.2.1-д заасан ангилалд багтсан үүрэг хүлээсэн хэрэглэгч нь барилгын эрчим хүчний хэрэглээний гэрчилгээг 12 сарын дотор эрчим хүчний анхан шатны аудит хийлгэх замаар авах, нэгж талбайд ногдох эрчим хүчний хэмжээ нь тогтоосон босго хэмжээнээс давсан бол цаашид хэсэгчилсэн эсхүл, дэлгэрэнгүй аудит хийлгэх ба аудит хоорондын хугацаа          36 сараас хэтрэхгүй байх;

3.1.9. эрчим хүч хэмнэх хөтөлбөр, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөний хүрээнд тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээг баталж, хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах.

3.2. Үүрэг хүлээсэн хэрэглэгч байгууллагын үйл ажиллагааны онцлог болон ажлын эзлэхүүнийг харгалзан эрчим хүчний хэмнэлтийн нэгж, баг ажиллуулах, менежерийн тоог нэмэх, хэд хэдэн барилга байгууламжийн дунд нэг менежер ажиллуулж болно.

3.3. Үүрэг хүлээсэн хэрэглэгч энэ журмын 3.1.7, 3.1.8-д заасан хугацааг дараахь нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэг удаа 12 хүртэл сарын хугацаагаар хойшлуулж болно:

       3.3.1. байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаа нь түр хугацаагаар хэсэгчлэн эсхүл, бүрэн зогссон;

       3.3.2. үйл ажиллагаанд нь томоохон өөрчлөлт орсон эсхүл, засвар үйлчилгээ, өргөтгөл хийж байгаа;

       3.3.3. үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэгдсэнээс хойш нэг жилийн дотор барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг өөр байршилд шилжүүлэхээр төлөвлөсөн;

       3.3.4. үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэгдсэнээс хойш үйл ажиллагаа түр зогссон нь хангагч байгууллагын ирүүлсэн мэдээ, хяналт, шалгалтаар нотлогдсон бол үйл ажиллагааг сэргээх хүртэлх хугацаанд.

Дөрөв. Эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө
           боловсруулах аргачлал

4.1. Эрчим хүч хэмнэх хөтөлбөр нь үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээнд хийсэн аудитын тайлан, зөвлөмжийн дагуу боловсруулж, дараагийн аудит хийлгэх хүртэлх хугацаанд эрчим хүч хэмнэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилт, төлөвлөлт, хүрэх үр дүнг санхүүгийн нөөцийн хамт тусгасан баримт бичиг байна.

4.2. Энэ журмын 4.1-д заасан хөтөлбөрт үүрэг хүлээсэн хэрэглэгчийн дарга, захирал, эрчим хүч хэмнэлтийн менежер, эрчим хүчний аудиторууд гарын үсэг зурж, хамтран баталгаажуулсан эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөнд оруулсан арга хэмжээнүүдийг заавал тусгана.

4.3. Эрчим хүч хэмнэх хөтөлбөрийг дараахь зүйлийг үндэслэн боловсруулна:

4.3.1. эрчим хүчний аудитын байгууллага эсхүл, аудиторын тухайн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээнд хийсэн аудитын тайлан, эрчим хүч хэмнэх зөвлөмж;

4.3.2. байгууллагын бизнес төлөвлөгөө, хөгжлийн стратегийн баримт бичиг.

4.4. Эрчим хүч хэмнэх хөтөлбөрт дараахь зүйлсийг гүйцэтгэх хугацааны хамт тусгана:

4.4.1. нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ногдох эрчим хүчний зарцуулалтын дүн шинжилгээ;

4.4.2. дүн шинжилгээнд үндэслэн тодорхойлсон хөтөлбөрийн зорилго, зорилт;

4.4.3. зорилго, зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ, санхүүжилтийн хэмжээ, эх үүсвэр;

4.4.4. энэ журмын 4.4.3-т заасан арга хэмжээ бүрт хийсэн үр ашгийн урьдчилсан үнэлгээ.

4.5. Эрчим хүч хэмнэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа дараахь зүйлсийг харгалзана:

4.5.1. эрчим хүч хэмнэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний техникийн боломж, эдийн засгийн үр ашигтай байдал;

4.5.2. эрчим хүч хэмнэх арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүгийн боломж.

4.6. Эрчим хүчний үнэ цэнэ, түүнийг хэмнэх ач холбогдлыг ойлгуулж, албан хаагчдын дадал зуршил, зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн сургалт явуулах талаар эрчим хүч хэмнэх төлөвлөгөөнд тусгана.

Тав. Мэдээлэх, тайлагнах

5.1. Үүрэг хүлээсэн хэрэглэгч дараахь баримт бичгийг баталгаажуулан дор дурдсан хугацаанд Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлнэ:

5.1.1. эрчим хүч хэмнэх ажлын жилийн төлөвлөгөөг өмнөх оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор;

5.1.2. эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөөний тухайн жилийн тайланг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс баталсан загвар, маягтын дагуу дараа оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор.

5.2. Энэ журмын 5.1-д заасан тайлан, төлөвлөгөөнд тухайн байгууллагын удирдлага, эрчим хүч хэмнэлтийн менежер гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

5.3. Үүрэг хүлээсэн хэрэглэгч нь эрчим хүчний аудитын тайланг тухай бүр 14 хоногийн дотор Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлнэ.

Зургаа. Бусад

6.1. Энэ журмыг биелүүлээгүй үүрэг хүлээсэн хэрэглэгч нь Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.


------o0o------

 

Татах