Legal

Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам

05/28/2019

Засгийн газрын 2019 оны 181 дүгээр
  тогтоолын 2 дугаар хавсралт

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь эрчим хүчний аудитын байгууллага (цаашид “аудитын байгууллага” гэх) болон эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага (цаашид “мэргэжлийн байгууллага” гэх)-д тавих шаардлагыг тодорхойлж, тэдгээрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэлийн хугацааг сунгах, хүчингүй болгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэ журмын 1.1-д заасан үйл ажиллагаанд Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.

Хоёр. Магадлан итгэмжлэл хүсэгчид тавих шаардлага

2.1. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор энэ журамд заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс магадлан итгэмжлэл олгоно.

2.2. Эрчим хүчний аудитын үйл ажиллагааг эрхлэх магадлан итгэмжлэл хүсэгч аж ахуйн нэгж нь дараахь шаардлагыг хангасан байна:

2.2.1. Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх;

2.2.2. эрчим хүчний гурваас доошгүй аудитор болон инженер, эдийн засагч ажилтантай байх;

2.2.3. аудиторууд нь бусад байгууллагад аудитороор хавсран, хослон ажил эрхэлдэггүй байх;

2.2.4. эрчим хүчний аудитын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, програм хангамж, хэмжүүрийн болон бусад багаж хэрэгсэл (Ультрасоник урсгал хэмжигч, эрчим хүчний чанарын анализатор, цахилгаан эрчим хүчний үзүүлэлтүүдийг хэмждэг мультметр, даралтын хэмжүүр, температур хэмжигч, чийгшилт хэмжигч, мэдрэгчийн хамт, дулааны камер, агаарын урсгал хэмжигч, шаардлагатай бусад тоног төхөөрөмж)-тэй байх;

2.2.5. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журамтай байх.

2.3. эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэл хүсэгч аж ахуйн нэгж нь дараахь шаардлагыг хангасан байна:

2.3.1. Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх;

2.3.2. эрчим хүч эсхүл барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байх;

2.3.3. эрчим хүчний барилга угсралт, шугам сүлжээ барьж байгуулах эсхүл, барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд үйл ажиллагаа эрхлэх, зураг төсөл боловсруулах чиглэлээр ажиллах тусгай зөвшөөрөлтэй байх;

2.3.4. аудитаар баталгаажуулсан санхүүгийн сүүлийн 3 жилийн тайлангийн дүнгээр цэвэр эргэлтийн хөрөнгийн хувийн жин нь 25 хувиас багагүй байх;

2.3.5. энэ журмын 2.3.3-т заасан тусгай зөвшөөрлийн хүрээнд сүүлийн 2 жилд ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн байх;

2.3.6. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журамтай байх.

Гурав. Магадлан итгэмжлэл олгох

3.1. Энэ журмын 2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж өргөдлөө Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд гаргана.

3.2. Энэ журмын 2.2-т заасан хүсэлт гаргагч нь өргөдөлдөө дараахь баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана:

3.2.1. Улсын бүртгэлийн гэрчилгээ;

3.2.2. энэ журмын 2.2.2-т заасан шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг;

3.2.3. энэ журмын 2.2.4-т заасан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, програм хангамжийн танилцуулга, техникийн паспорт, фото зураг, тэдгээрийг өөрийн хөрөнгөд бүртгэсэн бүртгэл, түрээсийн гэрээ;

3.2.4. энэ журмын 2.2.5-д заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам;

3.2.5. хэрэв өмнө нь эрчим хүчний аудитын үйл ажиллагаа явуулж байсан бол хийж хэрэгжүүлсэн эрчим хүчний аудитын тайлан, гэрээ дүгнэсэн акт;

3.2.6. магадлан итгэмжлэл хүсэгч нь тухайн ажлыг эрхлэх шаардлагыг хангаж буй эсэхээ дүгнэж, байгууллагын сул ба давуу талаа тодорхойлж, үйл ажиллагаандаа хийсэн өөрийн үнэлгээний тайлан.

3.3. Эрчим хүчний аудиторын үйл ажиллагааны чиглэлийг харгалзан магадлан итгэмжлэлийг үйлдвэрлэл, үйлчилгээний болон барилгын гэсэн төрлөөр олгоно.

3.4. Энэ журмын 2.3-т заасан хүсэлт гаргагч нь өргөдөлдөө дараахь баримт бичгүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана:

3.4.1. Улсын бүртгэлийн гэрчилгээ;

3.4.2. аж ахуйн нэгжийн дүрэм, танилцуулга;

3.4.3. энэ журмын 2.3.3-т заасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

3.4.4. эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах инженер, техникийн ажилтны мэргэжлийн боловсролын гэрчилгээний хуулбар болон ажлын байртай холбоотой бичиг баримт;

3.4.5. энэ журмын 2.3.3-т заасан тусгай зөвшөөрлийн хүрээнд сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гэрээ дүгнэсэн талаарх бичиг баримтын хуулбар;

3.4.6. аудитаар баталгаажуулсан санхүүгийн сүүлийн 3 жилийн тайлан;

3.4.7. магадлан итгэмжлэл хүсэгч нь тухайн ажлыг эрхлэх шаардлагыг хангаж буй эсэхээ дүгнэж, байгууллагын сул ба давуу талаа тодорхойлж, үйл ажиллагаандаа хийсэн өөрийн үнэлгээний тайлан;

3.4.8. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам.

3.5. Энэ журмын 3.2, 3.4-т заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор өргөдөл гаргагчид материалыг буцаана.

3.6. Магадлан итгэмжлэл олгогч бүрдүүлбэрийн үнэн зөв байдлыг тодруулах зорилгоор төрийн болон холбогдох бусад байгууллагаас лавлагаа мэдээлэл авч болно.

3.7. Энэ журмын 3.6-д заасан нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд магадлан итгэмжлэл олгох эсэх асуудлыг 30 хоногт багтаан Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл шийдвэрлэнэ.

3.8. Шаардлагатай гэж үзвэл магадлан итгэмжлэл олгогч хүсэлт гаргагчийн үйл ажиллагаатай танилцана.

3.9. Магадлан итгэмжлэлийн гэрчилгээний загварыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл батлах ба дор дурдсан зүйлийг тусгана:

3.9.1. магадлан итгэмжлэл олгосон байгууллагын нэр;

3.9.2. магадлан итгэмжлэл эзэмшигчийн нэр, хаяг;

3.9.3. магадлан итгэмжлэгдсэн үйл ажиллагааны төрөл;

3.9.4. магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацаа;

3.9.5. магадлан итгэмжлэлийн дугаар болон олгосон он, сар, өдөр;

3.9.6. магадлан итгэмжлэл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг.

Дөрөв. Магадлан итгэмжлэлийн хугацаа,
       түүнийг сунгах

4.1. Магадлан итгэмжлэлийг 2 жилийн хугацаагаар олгох бөгөөд олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

4.2. Магадлан итгэмжлэлийн хугацааг сунгуулах өргөдлөө түүний хугацаа дуусахаас 45-аас доошгүй хоногийн өмнө Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд гаргана.

4.3. Магадлан итгэмжлэлийг 5 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.

4.4. Магадлан итгэмжлэлийн хугацааг сунгах эсэхийг дараахь шалгуур үзүүлэлтийг үндэслэн шийдвэрлэнэ:

4.4.1. аудитын байгууллагын хувьд 2-оос доошгүй эрчим хүчний аудит, мэргэжлийн байгууллагын хувьд 1-ээс доошгүй эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлсэн байх;

4.4.2. аудитор, инженер, техникийн ажилчдыг давтан болон мэргэшүүлэх сургалтад хамруулсан байх;

4.4.3. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд ирүүлсэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаанд хангалттай үнэлгээ авсан байх.

Тав. Магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох

5.1. Магадлан итгэмжлэлийг дараахь тохиолдолд хүчингүй болгоно:

5.1.1. магадлан итгэмжлэл авсан хуулийн этгээд өөрөө хүсэлт гаргасан;

5.1.2. магадлан итгэмжлэлийг хууль бусаар олж авсан нь тогтоогдсон, хуулийн этгээд татан буугдсан;

5.1.3. магадлан итгэмжлэлийн дагуу явуулсан үйл ажиллагаатай холбогдон гарсан зөрчлийг арилгуулах талаар Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй;

5.1.4. энэ журмын 2.2, 2.3-т заасан шаардлагыг хангахгүй болсон нь тогтоогдсон;

5.1.5. магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан буюу энэ журмын 4.2-т заасан хугацаанд сунгуулах өргөдлөө ирүүлээгүй.

5.2. Магадлан итгэмжлэлийг гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй шалтгаанаар нөхөн олгуулах хүсэлт гаргасан бол нотлох баримт (хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан)-ыг үндэслэн Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн шийдвэрээр хүчингүй болгож, дахин шинээр олгоно.

Зургаа. Магадлан итгэмжлэгдсэн байгууллагыг
              бүртгэх, мэдээллийн сан үүсгэх

6.1. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл магадлан итгэмжлэгдсэн байгууллагыг бүртгэх, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулж, цахим мэдээллийн сан үүсгэн хөтөлнө.

6.2. Магадлан итгэмжлэгдсэн байгууллага, тэдгээрийн аудитор, инженер, техникийн ажилтны талаарх мэдээллийг энэ журмын 6.1-д заасан цахим мэдээллийн санд байршуулна.

6.3. Магадлан итгэмжлэгдсэн байгууллагын оноосон нэр, үйл ажиллагааны чиглэл, хаяг, бүтэц, аудитор, инженер, техникийн ажилтны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон, багаж тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний хугацаа дууссан, шинээр байгуулсан бол тухайн байгууллага энэ тухайгаа Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд 14 хоногийн дотор мэдэгдэнэ.

6.4. Магадлан итгэмжлэлийг хүчингүй болгосон тохиолдолд ажлын 3 өдрийн дотор энэ журмын 6.1-д заасан цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулж бүртгэлээс хасна.

6.5. Магадлан итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж тухайн жилд магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааны чиглэлээр хийсэн ажлын тайланг Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөлд дараа жилийн 1 дүгээр сард багтаан ирүүлнэ.

6.6. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл магадлан итгэмжлэгдсэн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг жил бүр үнэлж, эрэмбэлэх ба энэ тухай мэдээллийг цахим мэдээллийн санд байршуулан олон нийтэд мэдээлнэ.

Долоо. Бусад

7.1. Магадлан итгэмжлэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл хяналт тавина.

7.2. Магадлан итгэмжлэгдсэн байгууллагын үйл ажиллагааны тайлан, мэдээллийг хэлэлцэн үнэлгээ, дүгнэлт өгөх ажлыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл хэрэгжүүлнэ.

7.3. Магадлан итгэмжлэгдсэн байгууллага, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл шийдвэрлэнэ.

7.4. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд гомдол гаргаж болно.


------o0o------